. Үндэсний хувцас өмсөх ёсон
Шинэ хувцас өмссөн бага балчир хүүхэд айл хөршийнхөндөө мялаалгахаар очдог. Энэ нь гайхуулж байгаа хэрэг огт биш, харин хувцас нь зохисон таарсан хийгээд яаж хувцаслах зөвлөгөө авахтай холбоо бүхий уламжлал юм. Шинэ хувцас өмсөөд орж ирсэн хүүхдийн хувцсыг засаж өгөөд,
“Урд хормойг чинь Унага даага гишгэг
Хойд хормойг чинь Хурга ишиг гишгэг
Дотоод энгэр нь Тос өөх
Гадаад энгэр нь Гадар өөх болог!
Эзэн нь мөнх, эд нь хэврэг
Энэ жил даалимба
Ирэх жил чисчүү өмсөөрэй!
Тооноор гарсан том болоорой!”
хэмээн бэлэгтэй үгээр ерөөж амттаны зүйлээр мялааж баярлуулдаг. Хүүхдийг мөлхөж суух болохоор нь баривч хийн өмсгөж байв. Хүүхдийн баривчинд 3 нас хүртэл нь зах залгадаггүй, зөөлөн дугуй захтай хийж, хөвөнтөй дотортой байв. 3 нас хүрэхээр нь баривчийг хийхдээ захны ухлаадсыг ард нь хаддаг байна. Мөн дээлэнд явуу хадаж өгдөг. Хүүхдэд анх дээл эсгэхэд өдрийн сайныг харж эсгэнэ. Хүүхдэд шинэ дээл өмсгөхдөө үдшийн бүрийд хаалган дээрээ нөмөргөөд галдаа ариутгах үйлийг хийнэ. Мөн хүүхдэд “шүлсэвч” зүүлгэдэг байв. Энэ нь эсгийг дугуй хэлбэртэй болгон ард нь уяатай хийж шүлсний хаалт болгон зүүж байсан. Үүнийг голдуу шар эсгийгээр хийж байсан ба энгэр нь нордоггүй сайн тайлтай юм. Хүүхдэд багад нь хөдсөн оймс, ахрын эсгийгээр бойтог хийж өмсүүлнэ. Хагархай өмд (салтаа нь онгорхой) өмсүүлдэг ёс одоог болтол уламжлан иржээ. Монгол үндэсний хувцас нь олон зуун жилийг дамжсан баялаг түүхтэй билээ. Энэ хувцас нь монголчуудын амьдралын хэв маягийг мэдэхэд тусалдаг. Үндэсний хувцас нь тухайн хүрээлэн буй орчин, талаар морь унан давхих, гэрт байхад эсвэл баяр наадамд бүжиглэхээс хамааран өөр өөр байдаг. Уур амьсгал, орчин нөхцөл, жилийн улирлаас хамааран үндэсний хувцас нь олон төрөл байдаг. Зуны улиралд монголчууд тэрлэг, хавар, намрын улиралд хөвөнтэй дээл эсвэл хурган дээл, өвлийн улиралд хонины арьсаар хийсэн цагаан нэхий дээл өмсдөг билээ. Монгол үндэстний хувцас нь нөмрөгтэй төстэй ба ямар нэгэн халаасгүй байдаг. Дулаахан байлгахын тулд бүсээр бүсэлдэг байна. Бүсэлсэн бүсэндээ чухал хэрэгцээтэй хэт хутганы уут, аяга гэх мэт зүйлсийг тогтоон биедээ авч явдаг. Нүүдэлчид манчуурдаа хурц хутга, савх, шүдний чигчлүүр, хямсаа зэргийг багтаасан байдаг билээ. Тэд дээрх зүйлсээ хийхдээ үнэт метал болон мөнгөөр чимэглэн хийдэг байна. Тухайн өмссөн хувцсаар нь эзнийг нь тодорхойлох боломжтой. Эмэгтэй хүний өмсгөл нь гэрлэсэн эсэхийг нь илтгэдэг байна. Эртний хүмүүсийн хувьд тэдгээрийн өмсгөл нь ёс заншлыг нь энгийн хувцас байжээ. Хожим нь энэ өмсгөлөө хээ угалз, үнэт эдлэлээр чимэглэн илүү гоёмсог болгож эхэлсэн. Эдгээр хувцасны хээ угалз, гоёл чимэглэл нь эртний соёл уламжлалтайгаа салшгүй холбоотой байдаг. Эрт үед монголчуудын хувцас ихэвчлэн бор, хар хөх өнгөтэй байжээ. Монголчууд голдуу ташуу болон дөрвөлжин энгэртэй дээл өмсдөг. Монголчууд дээл хувцсаа боловсруулсан арьс, ноосон даавуу, ангийн үс, хөвөн даавуу зэрэг материалаар хийдаг ба үнэт эдлэл, хээ угалз, алт мөнгө, шүр сувд ба эрдэнийн шигтгээгээр чимэглэдэг. Монголын бүх үндэстэн ястнууд нь өөр өөрийн гэсэн толгойн гоёлтой (тоорцог, юүдэн, зарантай г.м) ба энэ үеэс эхлэн олон төрлийн малгай болон гутал төрөл бүр болжээ. Оёдолчин дээлийг хийхдээ захыг цавуудаж, дээлний их биеийг эсгээд хөвөн тавиад хавж оёдог. Харин орчин үед дээлийг угсаа гарал эс тооцож ямар ч үед өмсөхөөр хийж улам л төрөлжин боловсронгуй болсоор иржээ. Өөрт таарсан өнгөтэй, янз бүрийн загвартай дээл элбэг болсон.
- Хөөрөг зөрүүлэх ёсон
Монголчууд сар шинийн өдрүүдэд ахмад настнаа хүндэтгэн амар мэндийг нь мэдэн золгодог сайхан уламжлалтай. Ингэхдээ эвтэй найртай явахын бэлгэдэл болгож хөөрөг зөрүүлж тамхилдаг. Хөөргөө төр түших гурван хуруу буюу эрхий, долоовор, дунд хуруугаар түшиж тамхилдаг. Энэ нь тухайн хүнийг төрийн хэмжээнд хүндэлж байгаагийн илрэл юм. Түүнчлэн тамхилахдаа хөөрөгний толгойг заавал хөндийрүүлж өгдөг. Дээр үед хороогдох ялд унасан хүнд, эцсийн ёс гүйцэтгэх үед нь тамхилахдаа хөөрөгний толгойг хөндийрүүлэхгүй тамхилдаг байсан учир таглаатай нь өгөхийг хатуу цээрлэдэг ёстой. Мөн хөөргийг харшуулж солилцохыг эе эвдрэлцэж, тангараг тасарсны дохио хэмээн машид цээрлэдэг байна.
- Битүүлэх ёсон
Монгол түмний төрт ёсны их баяр цагаан сарын өмнөх өдөр буюу өвлийн адаг сарын гучин, үдэж байгаа оны эцсийн үдэш. Битүүнээс өмнө өмсөх дээл, унах морио бэлдэж, хот хороо, гэр орноо цэвэрлэж, эмэгтэйчүүд үс гэзгээ гоёж эцэст нь зуухныхаа үнсийг авдаг. Энэ орой баруун хатавчиндаа гурван ширхэг мөс тавьдаг. Энэ нь хонгор халзан луус унаж гарын хурууг имрэх зуурт дэлхий ертөнцийг тойрон айл гэрийн сүлд хийморийг тэтгэж аз жаргал, сайн сайхныг хүн бүрд түгээж явдаг Балданлхам бурхны унааг услахыг бэлгэддэг. Тотгоны голд сайн зүгийн тэнгэр бурхны гэрт орох замыг нээж цэгээн чулуу тавина. Буг чөтгөр айлын буруу үүдээр ордог хэмээн буруу бүслүүртээ харгана хавчуулдаг ёсон бий. Заншил ёсоор битүүлгийн шүүсэнд эрүүг нь заагаагүй толгой эсвэл өвчүү байна. Хэрэв өвчүү чанавал өөд харуулан тавьж дал дөрвөн өндөр, хонтой шаант, залаатай богтос тавина. Толгой чанаваас аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино, сармис зуулгаж гургалдайны түрийтэй үзүүрийг толгойнхоо ард тавьж гургалдайгаар нар зөв ороож сэмжээр нь бүтээн дал дөрвөн өндөр, хонтой шаант, залаатай богтосны аль нэгийг тавьж ёслон битүүлдэг байна. Толгойг гэрийн эзэн тагнайнаас нь, эзэгтэй эрүүнээс нь татаж, “Нэг амьтай боллоо” хэмээн хэлэлцэж эрүүг нь зааснаар битүүг эхлүүлдэг байна. Ингээд шинэ оноо элбэг дэлбэг угтаж буйг бэлгэшээн битүүний бууз, идээ цагааг битүүртлээ иддэг учиртай ажээ.
- Алаг мэлхий өрж тоглох
Хүүхэд багачууд томчуулын хамтаар “Алаг мэлхий өрөх” хэмээх шагай өрөх тоглоомоор наадан ирсэн сайхан уламжлалтай билээ. Эл тоглоомыг хэдэн ч хүн тоглох боломжтой бөгөөд 92 шагайг мэлхийний бие болгон өрж нааддаг.
- Мэлхийний нурууг хааш хааш 6 үелсэн бүгд 36 шагайгаар бүрдүүлж өрнө.
- Нурууны дөрвөн үзүүрт тус бүр 4 шагайнаас бүрдэх 4 шилбэ буюу нийт 16 шагайг өрнө.
- Шилбэний доод талд дөрвөн тавхай тус бүрт 5 буюу нийт 20 шагай өрнө.
- Нурууны дээд талд нь хүзүү болгож 6 шагайг хоёр эгнээгээр өрнө.
- Хүзүүний дээд талд нь толгой болгож 3 шагайг өрөөд хоёр талд нь нүд 2, чих 2 болгож өрнө.
- Нурууны доод талд нь сүүл болгож гурван шагай өрнө.
- Нурууны 36 шагайн дээр давхардуулж бөөрний хоёр, зүрх ба давсагны нэг нэг шагайг зохих журмын дагуу байрлуулан өрнө. Бөөр, зүрх, давсагийг тод өнгийн шагайгаар төлөөлүүлнэ.
Мэлхийний биеийг бүтээсний дараа толгой талд нь улаан будагтай дөрвөн шагайг дугуйлан өрж, зүүн гар талд хөх будагтай 5 шагайг нум сумны сүүл хэлбэртэй өрөөд “мод” гэж нэрлэн, баруун хажуугаас нь тухайн сумны үзүүр цухуйсан шинжтэй гурван цагаан өнгийн шагай өрөөд “төмөр” гэж нэрлэнэ. Мөн дөрвөн сарвуун дээр нь шороо, огторгуй, уул, салхи гэж тус тус нэг шагай тавьдаг. Ийнхүү цагаан сарын үед наадах “Алаг мэлхий” нь нийт 108 шагайнаас бүрддэг байна. Шинийн нэгэнд арван хоёр жилийн тоолол ёсоор учран золгож буй жилтэй ижил жилтэй хүн, эсвэл түүнтэй ивээл жилтэй хүнээс эхлэн нар зөв тойрон суусан дарааллаар шоо хаяж тоглодог.
- Нэг нүх буувал алаг мэлхийн дөрвөн сарвуун дээр нэг нэгээр нь тавьсан шороо, огторгуй, уул, салхи гэгдэх шагайны аль нэгийг, эсвэл зүрх ба давсагны аль нэгийг
- Хоёр нүхээр буувал нүд, чих, бөөр зэрэг хос эрхтний аль нэгийг
- Гурван нүх буувал толгой ба сүүлний аль нэгийг, эсвэл “төмөр” хэмээн нэрлэгдсэн шагайг
- Дөрвөн нүхээр буувал дөрвөн шилбэний аль нэгийг
- Таван нүх буувал дөрвөн сарвууны аль нэг, эсвэл “мод” хэмээгдсэн шагайг
- Зургаан нүх буувал хүзүү буюу нурууны аль нэгийг тус тус авч тоглодог ажээ.
Хэрэв шооны нүх аваад дуусчихсан зүйлийн тоогоор буувал тэр тоотой шагайг буцааж өрнө. Энэ мэтээр тоглосоор өрсөн шагайг авч дуусахад хэн олныг авсан нь хождог. Энэ тоглоомд хожсон хүнийг тэр жилдээ аз хийморьтой байна гэж үздэг. Шагайн наадгай нь хүүхдийг дэг журамтай болгож, нүдний харааг сайжруулж, ажигч гярхай болгодог байна.
- Золгох ёсон
Хаврын тэргүүн сарын Шинийн нэгний өглөө нар мандахтай уралдан босож, шинэ дээл хувцсаа өмсөн, цайгаа чанаж цай идээний дээжээ нар, байгаль дэлхийдээ өргөнө. Гэр бүлийн гишүүд эхлээд өрхийн тэргүүнтэйгээ золгоно. Хөдөө газарт бол хот айлын ойр орчмын өндөрлөг уул, толгойд гарч, цай сүүнийхээ дээжийг өргөөд нэн ялангуяа төрийн сүлд аль зүгт байна тэр зүгт голдуу сацал идээгээ өргөнө.Энэ бол монголчуудын төрөө дээдлэх уламжлалтай холбоотой. Үүний дараа аав, ээж болон хамгийн ахмад настныдаа очиж золгодог. Монголчуудын энэ ёслол бол ахмад настнаа хүндэлж буйн илэрхийлэл болно. Ахмад настантай ивээл жилтэй хүн түрүүлж амар мэндийг нь асууж золгодог.
Амар эрэх нь монголчуудын хувьд их утга учиртай. Хүүхэд 13 наснаас эхэлж хүний амрыг асуудаг. Насаар залуу нь “Та амар байна уу”, “Та амар айлдаж байна” гэхчлэн мэндчилнэ. Хариуд нь “Мэнд ээ, амар сайн уу” гэж ахмад настан хэлээд золгодог. Түүнээс ахмад настан нь дүүмэд хүнийг “Амар байна уу” гэж мэндлэх учиргүй юм. Нас чацуу хүмүүс гар гарын бугуйгаар зөрүүлэн золгоно. Эхнэр, нөхөр хоёрыг бие, сэтгэл нэгэн ертөнц гэж үздэг тул хоорондоо золгодоггүй. Мөн давхар биетэй хүмүүс хоорондоо золгодогүй нь тээж байгаа үрийн хүйс солигдоно гэж цээрлэдэгтэй холбоотой.
- Идээ шүүс бэлтгэх
Өрхийн тэргүүлэгч хүн, хэдэн нас зооглож байгаа, хэдэн үр ач, хэдэн зээ, хэдэн гуч дөч үзсэн зэргээс нь хамаараад “Тэдэн улыг өнгөрүүлжээ”, “Тэдэн улыг элээжээ” гэж элээсэн улаа нөхөхийн бэлгэдэл болгож, ул боовоороо таваг засдаг байна. Энэ нь элээсэн улаа нөхөж, засаж, дахин ул буюу нас дуудаж байгаа хэрэг. Эрт үед “ул элээнэ” гэж ярьдаг байсан нь өнөө цагт “оймс элээнэ” гэж ярьдаг болжээ. Хүний таван махбодыг бэлгэдэж, ул боовоор таваг засахдаа суурийг нь таван боовоор тойруулан тавьдаг учиртай. Тавгийн идээний дээш явах үеийн тоо гэрийн эзний наснаас хамаарна. Дээшлэх нь нас, доод тойрог нь бие байдаг байна. Одоо айлууд доод сууриа гурваар, дөрвөөр тойруулан тавьдаг нь бэлгэдлийнхээ хувьд буруутаж байгаа хэрэг. Таван махбодийг бэлгэдсэн байхад дутуу сууриар засвал өөрийн махбодоо үгүй хийж буйг илэрхийлэх ажээ. “Таваар гурав явна” гэдэг нь үр хүүхдээ, эсвэл гурван үеэ үзээгүй залуус ингэж засдаг. Гурван үеэ үзээгүй хүн гурван үеэ үзэхийн бэлгэдэл болгон таваар гурван үе таваг засдаг учир ийм. 60-80 хүртэл насалсан хүн таваар таван үе, 80-100 хүртэл таваар долоон үе, зуун наснаас дээш таваар есөн үе тавгийн идээ засдаг уламжлалтай. Манайхан таваг доошоо хонхойж орох гээд байна хэмээн дотор талыг нь гурил, будаа хоёроор дүүргэх нь элбэг. Тэгвэл үүнийг цээрлэдэг төдийгүй харин зассан тавган дотроо дан цагаан идээ байрлуулна. Дан цагаан идээ байрлуулдагийн учир нь тухайн цагийн ёс заншил, ахуй соёл нь өөрөө мал аж ахуйгаасаа хүн ард нь шууд хамааралтай байсныг илтгэдэг. Малын ашиг шимээр хоёр идэхгүй, хоосон хонохгүй амьдарцгаадаг байв. “Ирэх жилдээ мал төл маань ийм хишгийг дахин авчраарай” хэмээн сайн сайхныг бэлгэдэн дуудаж цагаан идээгээ ул боов дээрээ байрлуулна. Харин эрт үеэс уламжлагдан ирсэн ёс журмаар бол тавгийн идээн дээр еэвэн тавьдаггүй. Энэ ёс манжийн эзлэн түрэмгийллийн үед Монголд орж иржээ. Зассан тавгийн идээний дээр өрөм дэвсэх ёс нь гэрийн эзэн өөрийн тэргүүн, магнайгаа бэлгэдсэн хэрэг юм. Өөрөөр хэлбэл нүнжигтэй, оюунлаг байхыг илэрхийлж буй юм. Тавгийн идээг гэрийн эзнээ хүндэтгэн засдаг учраас зочид айлд ормогцоо шууд гол тавгийн идээнд хүрч болдоггүй. Гол идээнд хүрэхээсээ өмнө дан цагаан идээгээр зассан жижиг тавагтай идээнээс амсдаг учиртай. Энэ нь тухайн хүн ямар ч санаа өвөртөлж орж ирж болно. Түүнийг нь цагаанаар тайлж байгаа хэрэг юм. Цай ухаасаа өмнө цагаан идээнээс амсах ёстой. “Цай” бол ус дээр сүүг нэмж хийсэн ундаа учраас ариун цагааныг илэрхийлдэггүй юм байна. Тийм учраас цагаан идээнд эхэлж хүрнэ. Хэдэн ч удаа зочин ирсэн гол идээндээ гэрийн эзэн түрүүлж хүрдэг ёстой. Хэрвээ гэрийн эзэн талийгч болоод удаагүй, өөрөөр хэлбэл гурван жил болоогүй бол талийгчдаа зориулан тавгаа таваар, есөн үе засдаг. Нэгэнт яваад өгсөн юм чинь гээд хэдхэн боов тавьчихаж болохгүй. Гэхдээ талийгчдаа зассан тэрхүү идээ тусдаа тавигдана. Эцгийн явсны дараа гурван жил бүсгүй хүн ул тавихыг хорьдог, цээрлэдэг. Мөн тухайн айлын хүндэтгэлээс хамаарч өвчүү тавьдаг. Өвчүү бол хойчийн буянд зориулагддаг. Боломжтой бол үхрийн өвчүү, боломж бололцоогүй бол хонины өвчүү тавьдаг. Талийгчдаа зориулсан тавгаа ширээнийхээ хойморт засч, зочдоо зална. Гэхдээ энэ нь талийгчид тавьсан хүндэтгэлийн идээ учраас хүн хүрэхийг цээрлэдэг. Харин хүмүүс талийгчид буян нэмэхийг хүсвэл цагаан идээ нэмдэг. Талийгчдаа зориулсан идээгээ хураагаад хүртдэггүй, амсдаггүй бөгөөд үүнийг галын тахилгад өргөдөг. Хүний хүн болоогүй, өрх толгойлсон бүсгүй хүн идээ, шүүс тавихыг цээрлэнэ. Мөн тийм бүсгүй айлд айлчлахад шүүсэнд хүрэхийг хориглоно. Гэрийн эзэн хүрээд, өөрийнхөө гараар түгээнэ. Эр хүн бол шүүсэнд өөрөө хүрнэ. Шинийн гурвандаа тавгаа хурааж идээгээ зөвхөн цусан төрлийн хүмүүстээ хүртээдэг. Идээгээ хавь ойрын хүмүүс, хамаатан садан, хөрш айл саахалтдаа тараагаад байдаггүй. Учир нь, удам судар урт удаан үргэлжилнэ хэмээн бэлгэддэг ёстой. Сар шинийн идээг их идээ, бага идээ, цагаалага, битүүлэг гэж ялган хэлдэг. Их идээ гэдэг нь том цар тавганд хэвийн боовыг гурав, дөрвөөр нь суурилж гурав, тав, долоо, есөн үеэр засч цагаан идээ /Ширгэмэл идээ учраас ээзгийг шинэ сарын идээн дээр таьдаггүй/, бал бурмаар чимэглэнэ. Сондгой тоогоор өрдгийн учир нь жаргалаар эхлээд жаргалаар төгсөх учиртайг бэлгэддэг. Төрийн их ёслол, хурим найрын тавгийн идээг есөн үеэр засдаг байжээ. Иймээс шинийн нэгний тавгийг айл болгон есөн үеэр өрөхийг цээрлэдэг. Учир нь есөн үеэр тавгийн боовоо өрсөн хүнийг өөрийгөө өргөмжилж тэнгэрт тэрслэв гэж үздэг байна. Харин долоон үеэр ургийн хамгийн өндөр настай ахмад нь өрдөг. Есийн тоо тэнгэрийн утгыг илэрхийлдэг бол долоогийн тоо нь газрын товчоог илтгэдэг аж. Иймд өвөг нь долоо, эцгийнх нь тав, хүүгийнх нь гурван үеэр их идээний боов өрөх эрэмбэ дараатай байдаг ёс бий. Бага идээ гэдэг нь багахан тавганд зассан шүүс буюу өвчүү, хонтой шаант, залаатай богтос, дал дөрвөн өндөр зэргийг хэлдэг бөгөөд үүнийгээ битүүлэг гэх нь ч бий. Монгол айл цагаан сараар заавал ууц тавих албагүй. Орчин үед монголчуудын хамгийн их хэрэглэдэг махан зоог нь бага буюу гэдэс, шийрээс бусад тураг махыг оруулан зассан зоогийг хэлдэг байна. Ууц тавина гэдэг цаанаа ёс дэгтэй, нарийн учиртай. Ууц тавих, хөндөх ёс нь хүртэл өөр өөр байдаг. Махыг их, бага, бүхэл гэж ангилдаг. Их бүхэлд хүзүү сээр өвчүүг дараалан тавьж хааг мөчлөн далны мөгөөрс, богтос чөмөгтэй далтай холбогдох булуу, харьтны залаа зэргийг зочин руу харуулан тавьж, шийрний тахалцагийг гадагш оруулж, хоёр талд нь байрлуулаад дээрээс нь ууцаа тавина. Ууцан дээрээ толгойгоо тавьдаг. Бага бүхэлд хүзүү сээр толгойг төлөөлж дал дөрвөн өндөр хавирга гуяыг төлөөлүүлж хонхт, шаант чөмөг, дотор эрхтэнг төлөөлүүлж гургалдайг тавина. Шүүс тавихдаа мал зочин руу хараад дөрвөн хөлөө нугалан хэвтэж буй мэтээр эрэмбэлэн тавина. Малын махны толгой юм уу доош газар гишгэдэг чиг рүү харсан нь эх нь болно. Зочиндоо махаа эх талаар нь харуулж өгнө. Зочин толгойн талаас нь хажуулдуулж огтлон зооглох ёстой. Ууцыг хөндөхдөө зүүн араараа сүвээн талаас нь барьж баруун гараараа өөхөн нуруун талаас нь нимгэн зүсэх хэрэгтэй. Бусад махыг эх талаас нь огтолно. Толгойг идэхдээ эхлээд хамар дээр нь хуйх авч галд өргөөд дараа нь хоёр чих зовхийг нь хөндөөд дараа нь огтолж иддэг. Их бүхлийг нь хөндөхдөө анхлан толгойд хүрээд дараа нь ууцанд хүрээд сүүлд нь сээр хүзүү болон бусад махнаас нь зооглоно.
- Гэрийн тотгонд мөс тавихын учир
Монголчуудын эрт дээр үеэс дагаж мөрддөг ёс заншлын нэг бол Лхам хурах ёс юм. Энэ нь тэр жилийнхээ бурхан номын ажлыг хэрхэн дэлгэрүүлсэн, эх болсон зургаан зүйл амьтны төлөө буян үйлдсэн урган ирж буй жилдээ өөрсдийнхөө хийх буян номын ажил үйлсээ даатгаж Лхамаа шөнөжин хурж Цагаан сарын шинийн нэгний өглөө Цэдэр балингаа залдаг билээ. Битүүний орой айл өрхүүд зүүн хатавчиндаа харгана тавьдаг нь тэр жилдээ өрх гэрт элдэв гай барцад орж ирэхгүй, ажил төрөлд нь ямар нэг саад тотгор учрахгүй, ажил амьдралын үйл бүтээл бүхэн нь дэвжин дэлгэрч дээшлэн мандаж байхын билэгдэл бүхий учир утгатай юм. Мөн үүдний тотгон дээрээ мөс, будаа тавьдаг. Мөс нь Лхам бурханы хүлгийн ундаа, будаа нь бурхандаа өргөж байгаа дээж, тахилын идээ юм. Орчин цагийн айл өрхүүд мөсийг хөргөгчиндөө буюу тагтан дээрээ хөлдөөгөөд тахилын аяга эсвэл жижиг хундага мэтэд хийж тавьж болно. Дээр үед арвай буудай тавьдаг байсан. Харин одоо шар, цагаан аль ч будааг тавьж болно. Лхам бурхан нь “Умаа хум” гэх хооронд ертөнцийг тойрон оддог хэмээн үздэг учраас битүүний орой наран жаргахтай уралдан зул хүжээ бадраан, бурхан тахилын бүх үйлээ цэгцлэн, идээ будаагаа өргөж амжсан байх ёстой гэнэ.
- Цээрлэх ёсон
Цагаан сараар үс авахыг цээрлэнэ. Үс авбаас нагац нарын ам бүлээс хэн нэгэн тэр жилдээ өөд болно гэж хэлдэг. Цагаан сарын өдрүүдэд эд юм гадагш зээлээр өгөхийг цээрлэнэ. Учир нь гарзын үүд, гарлагын ам нээгдэнэ гэдэг. Шинийн нэгний өглөө зулын голыг хуучин галын цог цучлаар асаахыг цээрлэнэ. Заавал шинэ галаас асаана. Учир нь хуучин онд тунасан сайн мууг шинэ онд цэглэн төгсгөж, алив бүхэн шинэдэж эхлэхийн бэлгэ дэмбэрэл болгож буй хэрэг аж. Шинийн нэгэнд айлд хонохыг цээрлэнэ. Хэрэв айл хунараар хоновол тэр жилдээ гэртээ тогтохгүй хэсүүчлэн тэнэнэ гэдэг. Цагаан сарын шинийн нэгэнд уйлж унжих, хэрэлдэж цуугилдахыг цээрлэнэ. Зөрчвөөс бүтэн жилийн туршид хэл ам, хэрүүл цуугиан үл тасарна гэдэг. Шинийн нэгэнд мөн үнс хогоо гадагш хаях, гаргахыг цээрлэнэ. Үнс хогоо заавал шинэ оноос өмнө гаргаж, орон гэрээ цэмцийлгэн цэвэрлэсэн байна. Өнгө жавхаатай шинэлэх нь тэр жилдээ цог золбоотой байхын бэлгэдэл болно. Цагаан сарын шинийн долоонд айлд очих, золгохыг цээрлэнэ. Эл өдрийг “хар өдөр” гэх тул тийнхүү цээрлэдэг байна. Ордос нутагт энэ заншлыг хатуу чанд баримталсаар байна. Цагаан сарын үеэр бэлгэ дэмбэрэлгүй үг хэлэх, мал нядлах, амьтан алахыг цээрлэнэ. Бэлгэгүй үг хэлбээс тэр ёсоор өөрт эрхэж уршиг тарина. Амьтны амь тасалбаас үхэл хагацал нүүрлэнэ гэдэг. Цагаан сараар эхнэр, нөхөр хоёр хоорондоо золгохыг цээрлэнэ. Хэрэв золговоос хагацна, сална, хар элэгтэн болно гэнэ. Цагаалж, шинэлж буй хүн уурлан цухалдаж, агсамнан аашлахыг болон бусад ёсон бусын явдлыг аль болох цээрлэн хичээнгүйлнэ. Цагаан сарын шинийн нэгний өглөө золгож, мэндчилэхдээ жил орж буй хүмүүс жинхэнэ насаа хэлэлгүй, насаа нэмж, аль болох сондгой тоотой нас хэлнэ. Жил орж буй хүмүүс насаа нууцлах учиртай байдаг.
