Нийтийн соёл бол хүн бүрийн өдөр тутмын амьдралд баримтлах ёс зүй, харилцаа, хандлага, зан төлөвийн нийлбэр юм. Энэ нь бидний нийгмийн орчинд хэрхэн биеэ авч явах, бусдад хандах, нийтийн өмчид хэрхэн ханддагийг илтгэдэг. Нийтийн соёлын үүслийн тухай болон соёл судлалын хүрээнд дараах тодорхойлолтууд байна:
- Хүн төрөлхтөний үүслийн явцад хүн байгаль, нийгмийн харилцааг өргөн хүрээтэй явуулах, мэдээллийг олны хүртээл болгох зорилгоор төрөл бүрийн дохио тэмдгийг үүсгэн хөгжүүлж ирсэн. Үүний үндсэн дээр нийтийн соёлын хөгжлийн суурь тавигдсан гэж үздэг.
- Дээрх суурь хөгжлийн үндсэн дээр шашин, урлаг, шинжлэх ухааны олон салбарын мэдээллийн өгөгдөл үүссэнээр орчин үеийн нийтийн соёлын хэв шинжийг цаг хугацааны явцад олсон байна.
Нийтийн соёл нь шинжлэх ухаан техникийн ололт амжилт нийгмийн хөгжлийн жам ёсоор гарч ирсэн соёл юм. Орчин үед интернэтийн сүлжээ болон даяаршлын үйл явц эрчимтэй өргөжиж дэлхийн нийтийг хамарч байгаа нь нийтийн соёлыг улс орон, хил хязгаар, өөр шашин шүтлэг, ондоо хэлнээс үл хамааран тархах орон зайн хүрээг улам бүр тэлэх боломжийг олгож байна.
Нийтийн соёлд бие хүн бүтээлч үйл ажиллагаа, үнэт зүйлсийн мэдлэг болон тэдгээрийг хүртэн эзэмших үйл явц, хөдөлмөрийн дадал, туршлага, шинжлэх ухаан, уран сайхны сэтгэхүйн янз бүрийн арга барил ордог. Иймд олон үе дамжин бүтээгдсэн хүний үнэт зүйлс, нийгмийн бодит байдал бол соёл оршин тогтнох зөвхөн гадаад хэлбэр юм. Нийтийн соёлын жинхэнэ дотоод агуулга бол нийгмийн гол субьект болох хүн, түүний бүтээлч хүч хэрэгцээ авъяас харилцааны байнгын хөгжил юм. Нийтийн соёл нь хүмүүний оюун ухааны сэтгэлгээнээс үүсдэг хэдий ч бодит байдал дээр юуны өмнө практик зорилт байдаг.
Хүн төрөлхтөн соёл язгуур гарлаараа аль ч ард түмний хувьд ерөнхий шинжийн хувьд төстэй боловч дотоод гадаад хүчин зүйлсийн харилцан шүтэлцээ, байгаль орчин нийгэм түүхийн нөхцөл байдлаас шалтгаалан янз бүрийн газар нутаг, улс орон, үндэстэн ястанд харилцан адилгүй бие даасан дахин давтагдашгүй өвөрмөц хэв маяг төрхтэйгээр үүсэн хөгжиж хувьсан өөрчлөгдсөөр иржээ. Ийм ч учраас соёлыг эрин цагийн хамаарлаар нь эртний, нэн эртний, дундад зууны, шинэ үеийн, орчин үеийн гэх буюу эсвэл үйлдвэрлэлийн хэрэгсэл боловсрон хөгжиж ирсэн байдлаар нь чулуун, хүрэл, төмөр зэвсгийн үе гэх мэтээр ангилж үздэг.
Бие биеэсээ ялгаатай соёл үүсэж хөгжихөд бодгаль буюу организм гэх мэт олон хүчин зүйл нөлөөлдөг боловч тэдгээрийг ерөнхийд нь байгаль орчин, нийгэм-түүхийн хэмээх хоёр үндсэн хэсэгт хуваан хэлэлцдэг.
Нийтийн соёлыг түгээхэд төр, байгууллагаас гадна иргэн бүрийн оролцоо чухал байдаг. Бид дараах энгийн зүйлсийг өдөр тутамдаа хэрэгжүүлснээр соёлтой нийгмийг хамтдаа бүтээж чадна. Үүнд:
- Хог хаягдлыг зориулалтын саванд хийх
- Автобусанд ахмад, хүүхэд, жирэмсэн эмэгтэйд суудал тавих
- Олон нийтийн газар дуу чимээ гаргахгүй байх
- Замын хөдөлгөөнд дүрэм сахиж, бусдыг хүндэтгэх
- Нийтийн өмчийг хайрлан хамгаалах
Нэг хүний соёл бусдад сайн үлгэрлэл болдог. Тиймээс өөрөөсөө эхэлж, гэр бүл, найз нөхөд, хамт олноо соёлтой байхыг уриалцгаая. Нийтийн соёл нь зөвхөн дүрэм мөрдөх бус, хүндлэл, энэрэл, хариуцлага, эв нэгдэл дээр тулгуурладаг бөгөөд соёлтой иргэн-сайхан хот, амар тайван нийгмийн үндэс. “Нэг хүн өөрчлөгдвөл, нийгэм бүхэлдээ өөрчлөгдөнө” иймээс бүгдээрээ нийтийн соёлыг түгээж, өөрсдөөсөө эхэлье “СОЁЛ ТҮГЭЭЕ“- “СОЁЛТОЙ СОНГИНОХАЙРХАНЧУУД – 4” аянд Сонгинхайрхан дүүргийн Дотоод аудитын хамт олон уриалан нэгдэж байна.
